ТОГТВОРТОЙ БАЙДАЛ
Урт хугацааны санхүүгийн тогтвортой хөгжлийг хангана.
МУИС нь дэлхийн тэргүүлэх их сургуулиудын туршлагад тулгуурлан, урт хугацаанд тогтвортой хөгжлийг дэмжих эндаументын сангаа байгуулж, Монголын боловсрол, шинжлэх ухааны ирээдүйд чиглэсэн мөнхийн хөрөнгө оруулалтыг бий болгож байна.
МУИС-ийн Эндаумент сан дараах 5 үндсэн зарчим дээр тулгуурлан үйл ажиллагаагаа явуулдаг.
Урт хугацааны санхүүгийн тогтвортой хөгжлийг хангана.
Бүх хандив, зарцуулалтыг ил тод тайлагнана.
Хандивлагчийн хүсэл, зорилгод нийцүүлэн өгөөжийг чиглүүлнэ.
Бодлого, мэргэжлийн багийн удирдлага дор хөрөнгийг удирдана.
Хандивлагчийн нэр хүндийг хүндэтгэн, олон нийтэд алдаршуулна.
Эндаумент сан нь зөвхөн МУИС-ийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах хэрэгсэл биш, харин Улс нийгмээ соён гэгээрүүлэх, шинжлэх ухааны шинэ мэдлэг бүтээх, түгээн дэлгэрүүлэх, Монгол Улсын ирээдүй хөгжил дэвшлийн түүчээ болсон манлайлагчдыг бэлтгэх, улс орны өмнө тулгараад буй асуудлыг суурь судалгаар дамжуулан төрийн бодлого шийдвэрийг шинжлэх ухаанчаар гаргахад дэмжлэг үзүүлэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх юм.
Дэлхийн шилдэг их сургуулиудын ил тод, урт хугацааны хөрөнгө оруулалтын менежменттэй эндаументын сангуудын амжилттай туршлага нь зөвхөн хандивлагчдын төдийгүй боловсролын салбарын хөгжлийн чухал түнш болж, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн загвар юм. Энэхүү жишгээр Монгол улсын ууган их сургууль болох Монгол улсын их сургууль нь 2023 онд УИХ-аас шинэчлэн батлагдсан боловсролын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд олон улсын сайн туршлагыг нэгтгэн анх удаа эндаументын сангаа албан ёсоор байгуулж, ирээдүйн хөгжлийн стратегийн үндсийг тавьж байна. МУИС энэхүү олон улсын шилдэг туршлагаас суралцаж, Монголын нөхцөлд тохируулсан эндаументын сангийн загварыг хэрэгжүүлэх замаар төгсөгчдийн сүлжээ, аж ахуйн нэгж, дотоод болон гадаадын түншлэл, хандивлагчдыг оролцуулан эндаумент санд хөрөнгө оруулалт татах бодлого хэрэгжүүлж байна.
Хандивлагч нь МУИС-ийн эндаументын санд хязгаарлалтгүй, хязгаарлалттай, хугацаатай, хагас эндаумент зэраг бүхий л хэлбэрээр хандив өгч болох юм. Эндаументын сан нь хандив, тусламжаар хүлээн авсан хөрөнгийн хэлбэр, хэмжээнээс хамааруулан хандивлагч тал татгалзаагүй бол хандивлагчдад “1-5 ОД ЗЭРЭГЛЭЛИЙН ХАНДИВЛАГЧ”-аар цоллон, тусгай дугаар бүхий өргөмжлөл гардуулж, МУИС-ийн Эндаументын сангийн “АЛДРЫН САМБАР”-т нэрийг нь мөнхлөх болно. Мөн бүрэлдэхүүн, салбар, ахисан түвшний сургууль, тэнхим, хүрээлэн, төв, лаборатори, номын сан, шинжлэх ухааны парк, ахлах сургуулийг Хандивлагчийн нэрэмжит болгоно. Үүний зэрэгцээ энэхүү эндаументын сан нь хандивлагчдын хувьд ч нэр хүндийн баталгаа бөгөөд тэдний оруулсан хувь нэмэр нь МУИС-ийн ирээдүйн хөгжилд мөнхөрч, Монгол Улсын ирээдүйн манлайлагчдыг төрүүлэхэд чиглэгдэх болно. Хандивлагчдын дэмжлэг бол зөвхөн санхүүгийн бус, нийгмийн үнэ цэнийг бүтээгч хамтын хувь нэмэр юм.